МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

Огноо: 2013/01/11/ Дугаар: 9 Улаанбаатар хот


Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай

Эрүүл мэндийн тухай хуулийн 8.1.4 дэх заалт, Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийн 3.1 дэх заалт, Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн 2013 оны 1 дүгээр сарын 11 - ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн, гэмтэл согогийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор ТУШААХ нь:

1. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачааллыг бууруулах, осол гэмтэл, түлэнхийн эмгэгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах хүрээнд:

1.1 Түлэнхийн төвийг шинээр барьж ашиглалтанд орох хүртэл гэмтэл согог судлалын үндэсний төвийн төв байранд шилжиж ирсэн түлэнхийн эмгэгтэй өвчтөнүүдийн эмчилгээ үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, дүүргийн нэгдсэн болон бусад эмнэлгүүдэд тараан байршуулах асуудлыг судлан шийдвэрлэх;

1.2 Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 тоот тушаалын хэрэгжилтийг эрчимжүүлж нийслэлийн дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд осол гэмтэл, түлэнхийг эмчлэх тасгийг нээн ажиллуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Бодлого, төлөвлөлтийн газар (Ц.Цолмонгэрэл), Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Мөнхбат), Нийслэлийн Эрүүл мэндийн газар (С.Туул) – т тус тус даалгасугай.

2. Осол гэмтэл, хүн хоорондын хүчирхийллийн тоо буурахгүй нэмэгдэж, эмч, эмнэлгийн мэргэжилтэний аюулгүй байдал зөрчигдөж байгаа, нөгөө талаас бусад салбарын үйл ажиллагааны доголдлоос болж гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал эрс нэмэгдэж гамшгийн байдал үүссэнийг арилгах арга хэмжээ авч, эмнэлэг үйлчилгээний хэвийн, тасралтгүй байдлыг хангаж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Мөнхбат), Гэмтэл согог судлалын үндэсний төв (Б.Баттөгс) –д тус тус даалгасугай.

3. Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хальтиргаа, гулгаанаас үүдэлтэй болон үйлдвэрлэлийн осол гэмтлийг бууруулах талаар онцгой анхаарч, осол гэмтлийн тохиолдлын мэдээллийг 7 хоног тутам гарган, дүн шинжилгээ хийж, шаардлагатай арга хэмжээ авах талаар нийслэл, орон нутгийн төр захиргааны байгууллага, аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, бүх шатны эрүүл мэндийн байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.

4. Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаагы ажлыг зохион байгуулахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (Ж.Оюунбилэг) - т даалгасугай

5. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Ж.Хатанбаатарт) даалгасугай.


САЙД Н.УДВАЛ


Хуудасны тоо:2
Хавсралт:
Боловсруулсан:Ч.Баярмаа